“Ногоон бүс” ба аюулгүй Чингэлтэй

5 сарийн өмнө 212
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

“Ногоон бүс” гэхээр гудамж талбайг цэцэрлэгжүүлэх тухай л санаанд буув. Гэхдээ энэ нь камерын хяналтын нэгдсэн төвтэй болж буй Чингэлтэй дүүргийнхний тухай яриа байсан аж.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс Чингэлтэй дүүргийн удирдлагууд “Камерын хяналтын нэгдсэн төв”-ийг өнгөрсөн жил байгуулжээ. Ингэхдээ гэмт хэрэг ихээр гардаг цэгийг тодорхойлдог программ ашиглан цагдаагаас өгсөн мэдээллийг үндэслэн камер байрлуулах цэгээ тогтоосон байна. Мөн хороодын хэсгийн ахлагч нараас камер суурилуулах шаардлагатай цэгийг санал болгодог аж. Түүнчлэн оршин суугч иргэдийн саналд үндэслэх нь илүү үр дүнтэй байдаг тухай тус дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга С.Энхтайван хэлэв.

 

“КАМЕРЫН ХЯНАЛТЫН ТӨВИЙГ ТУСАД НЬ БАЙГУУЛЪЯ”

Өмнө нь Орон нутгийн хөгжлийн сангаас 80 сая төгрөгийн төсвөөр камер суулгахын зэрэгцээ хяналтыг нь цагдаагийн хэсэг хариуцдаг байсан аж. Энэ үед нийт санхүүжилтийн ихэнх нь цагдаагийн хэсэг рүү шугам татах дэд бүтцэд зарцуулагддаг байжээ. Тиймээс камержуулалтыг хийхдээ нэг хороог нэг тойрог гэж үзэж 40 цэг гарган ажлаа эхлүүлсэн байна. Энэ үед ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс “Ногоон бүс” төсөл хэрэгжүүлэх саналыг дүүргийн удирдлагуудад тавьсан гэдэг. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Засаг даргын ажил хүлээн авснаас хойш иргэдтэй уулзах бүрт камержуулах хүсэлт тавьдаг байсан. Тиймээс нэн шаардлагатай цэгт камер суурилуулахаар Нийслэл рүү хүсэлт гаргаж тендер, ТЭЗҮ гэж явсаар 80 сая төгрөг төсөвлүүлнэ. Энэ нь найман камер болдог байлаа. Гэтэл эрэлт, хэрэгцээг хангаагүй. Хүссэн үр дүнд хүрэхгүй байсан. Иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний зорилт учраас камерын асуудлыг шийдэхээр өнгөрсөн онд ИТХ-аас Ажлын хэсэг байгуулаад дүүргийн хэмжээнд бүх камерын нөхцөл байдлыг харж, судалсан. Гэтэл тухайн үед 10 камерын нэг нь л ажиллагаатай байсан. Бодит байдал үнэхээр хангалтгүй байсан учраас бид өнгөрсөн оны зургадугаар сард Цагдаагийн хоёр хэлтсийн дарга болон дүүргийн Нийтлэг үйлчилгээ, Хөрөнгө оруулалтын газрын дарга нарын хамт хуралдсан юм. Хурлаас “Камерын хяналтын төв”-ийг тусад нь байгуулъя. Дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар”-т нэгтгэе. Хүн хүч, хөрөнгө санхүү, завсар үйлчилгээг нь Нийтлэг үйлчилгээний газарт хариуцуулъя гэдэг шийдвэрийг гаргасан” гэлээ.

 

НЭГДҮГЭЭР ДӨЧИН МЯНГАТ БА ЭХЛЭЛИЙН ЦЭГ

“Ногоон бүс”-ийн эхний “цэг” Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо нэгдүгээр дөчин мянгатыг теле камерын хяналтад бүрэн оруулах ажлыг хэрэгжүүлсэн. Учир нь дүүргийн хэмжээнд тус бүс нутагт хулгайлах, халаасны хулгайн гэмт хэргийн 31.7 хувь үйлдэгддэг тухай статистик мэдээлэлд гардаг байж. Түүнчлэн өдөртөө Улаанбаатар хотын иргэдийн 60 орчим хувь нь зорчин өнгөрөхөөс гадна аж ахуй нэгжийн төвлөрөл их, дэд бүтэц зэрэг хүчин зүйлд тулгуурлан сонгон авчээ. Ингээд их дэлгүүр орчимд Монгол Улсын теле хяналтын тоног төхөөрөмжийн (MNS6423:2019) стандартыг хангасан дөрвөн мегапиксел үзүүлэлт бүхий 145 ширхэг камерыг  61 цэгт суурилуулан теле хяналтын нэгдсэн сүлжээнд холбон 24 цагаар цагдаагийн байгууллагаас байнгын хяналт тавин ажиллаж байна. Нэг камераас холдоход нөгөөх нь минут алдахгүй бичиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, иргэний хийж байгаа үйлдэл бүрийг алдахгүй дүрсжүүлдэг гэсэн үг. Чингэлтэй дүүргийн теле хяналтын нэгдсэн төв нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайд суурилуулсан камеруудын дүрсийг нэгтгэж харах зорилго бүхий 25 ширхэг ханан дэлгэц бүхий нэг дор 800 ширхэг камерын дүрсийг хянах стандартын шаардлагад нийцсэн зориулалтын шал, хана, хөргүүр зэргийг цогцоор нь шийдвэрлэсэн байна.

Санхүүжилтээ хаанаас гаргасан бэ гэвэл дүүргийн орон нутгийн хөгжлийн сан болон Хөрөнгө оруулалт, ИТХ-аас гэх зэргээр шаардлагатай ажлын зардлыг дээрх эх үүсвэрээс гаргаж хуваарилсан хэмээн Засаг дарга Н.Батсүмбэрэл хэлэв. Чингэлтэй дүүргийн 24 хорооны 19 нь камерын бүрэн хяналтад орсон байна. Мэдээж дүүргийн нутаг дэвсгэрийг булан тохой үлдээхгүй хянахын тулд үлдсэн хороодыг энэ ондоо багтан бүрэн камержуулах зорилго тавьсан байна.

Дүрс тод, дуу авиа ч тод байх боломж гудамжны камерт ч бий гэдгийг хүмүүс өдгөө мэддэг болсон. Камерыг ухаалаг системтэй хослуулан илүү нарийвчлалтайгаар дүрсжүүлж үлдэх боломж бий. Тиймээс Чингэлтэйнхэн дараагийн шатанд программ хангамжаа сайжруулахад төвлөрч буй ажээ. Тэр ч бүү хэл ухаалаг системд шилжүүлэх тухай ч төлөвлөгөөндөө тусгажээ. Ингэснээр илүү нарийвчлалтай, царай болон машины номер дугаар таних, хувцасны өнгөөр хайж олох тусгайлсан камерын тоог нэмэхийг зорьж байна.

 

АЮУЛГҮЙ ОРЧИН, ИРГЭДИЙН ТАВ ТУХ

 

Амьдарч буй орчноо эрүүл, аюулгүй бүс болгоход иргэн бүрийн оролцоо чухал. Тиймээс Чингэлтэйнхэн “Ногоон бүс” болоход бүхий л талын оролцоонд түшиглэсэн байна. Дор бүрнээ санаачилгатай, хариуцлагатай ажилласны үр дүнд дүүргийн нийт газар нутгийн 80-аас илүү хувийг камерын бүрэн хяналтад оруулж, “Ногоон бүс” болгожээ. Түүнчлэн хаа нэгтээ камер зоогоод орхихсонгүй. Засвар арчлалт, программ хангамж, техникийн шинэчлэл зэргийг буух эзэн, буцах хаягтай болгосон байна. Өөрөөр хэлбэл, 24 цагийн тасралтгүй ажиллагаатай камерын хяналтыг цагдаагийн хэлтэс бүрэн хариуцна. Харин засвар үйлчилгээ гээд бусад ажлыг нь дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар хариуцдаг байна.

Нийслэлд олон улсын жишигт нийцсэн “Ногоон бүс” бий болжээ. Тэр дундаа Улаанбаатар хотын төв цэгээс эхлэн иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан тэргүүн туршлагыг Чингэлтэй дүүргийнхэн эхлүүлэв.  “Камерын хяналтын нэгдсэн төв”-ийн хөгжлийн дараагийн шат нь ухаалаг программ хангамжийг цаг алдалгүй нэвтрүүлэхэд чиглэж байна. “Ногоон бүс”-ийн анхны шанг татаж үлгэр жишээ үзүүлсэн Чингэлтэйнхэн олон мянган дэлгэцнээс зөвхөн хог хаясан тохиолдлыг илрүүлэн дохио өгдөг системийг тун удахгүй нутагшуулах аж. Улаанбаатар хотын хэмжээнд Шуурхай удирдлагын төвийн дараа орох, дүүргүүдээс хамгийн анхны теле камерын нэгдсэн төвийг байгуулснаар зөвхөн гэмт хэрэг, зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хамгаалаад зогсохгүй иргэдийг эрүүл, цэвэр орчинд амьдрах, амьдралын зөв дадал хэвшилтэй байлгахад туслах олон талын ач холбогдолтой юм байна.

Эрс тэс уур амьсгалтай учраас өвөлдөө камер хөлдөнө гэж санах ч хэрэггүй. Камерын төвөөс суурилуулсан камерууд -40 градусаас +40 градуст хэвийн ажиллах горимтой аж. Чингэлтэй дүүрэг 8940 хавтгай дөрвөлжин км газар нутгийг иж бүрэн камержуулж, “Ногоон бүс” болгон иргэндээ ээлтэй, аюулгүй дүүрэг болохоор манлайлан ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 235 (7220)