Тагнуулын хэрэгт сэжиглэгдсэн Өмнөд Солонгосын иргэн ОХУ-д баривчлагдлаа

2 сарийн өмнө 102
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Энэ оны эхээр Өмнөд Солонгосын иргэн ОХУ-д тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан тухай ТАСС агентлаг өчигдөр мэдээлжээ.

Анх удаагаа Өмнөд Солонгосын иргэн тагнуулын хэргээр баривчлагдсан тохиолдол болохыг тус агентлаг баталсан байна.

Нэгдүгээр сард Алс Дорнодын Владивосток хотод баривчлагдсан Бэк Вон Сүн гэдэг нэртэй эрэгтэйг хоёрдугаар сарын сүүлээр Москвад хүргэсэн тухай мэдээлжээ.

Одоо тэр Лефортовогийн шоронд хоригдож байгаа бөгөөд өчигдөр буюу Даваа гарагт шүүх түүний хоригдох хугацааг зургаадугаар сарын 15 хүртэл сунгах шийдвэр гаргасан байна.

Сэжигтэн “төрийн нууцад хамаарах мэдээллийг гадаад улсын тагнуулын байгууллагад дамжуулсан” шалтгаанаар баривчлагдсаныг Оросын албаны эх сурвалж ТАСС агентлагт ярьжээ. Уг хэрэг “маш нууц” ангилалд багтаж буй тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй гэнэ.

Сүүлийн нэг жил орчим хугацаанд ОХУ-ын эрх баригчид янз бүрийн шалтгаанаар гадаадын иргэдийг олноор баривчлаад байгаа.

Өнгөрсөн оны гуравдугаар сард ОХУ-д томилолтоор ажиллаж байсан “The Wall Street Journal” сонины сэтгүүлч Эван Гершкович тагнуулын хэргээр баривчлагдсан юм.

Аравдугаар сард Орос-Америкийн давхар иргэний харьяалалтай сэтгүүлч Алсу Курмашева гадаадын агентын бүртгэлээ хийлгээгүй шалтгаанаар саатуулагдаж, сүүлд Оросын зэвсэгт хүчний талаар худал мэдээлэл тараасан хэрэгт буруутгагдаж байв.

Өнгөрсөн сард мансууруулах бодис хилээр нэвтрүүлэхийг завдсан хэргээр Германы иргэн саатуулагдсан бол Орос-Америкийн давхар иргэний харьяалалтай Ксения Хавана гэдэг эмэгтэй эх орноосоо урвасан хэргээр баривчлагдсан байна.

Гадаадын иргэдийг Оросын эрх баригчид өөрийн гадаадад хоригдож байгаа иргэдийг солилцоход ашиглах зорилгоор баривчилдаг гэсэн шүүмж яригддаг.

Оросын засгийн газар үүнийг байнга үгүйсгэдэг.

АНУ-ын сэтгүүлч Гершкович мөн Лефортовогийн шоронд хоригдож байгаа юм.

Хатуу ширүүн нөхцөлөөрөө алдартай уг шорон бүр Хаант засгийн үед байгуулагдаж байсан бөгөөд Зөвлөлтийн үеийн хэлмэгдүүлэлтийн аймшигт бэлэг тэмдэг болдог ажээ.

 

Эх сурвалж: Associated Press