Энэ парламентыг 67-уулаа дуусгах уу: Сүүлчийн чуулганд дахин таван гишүүний бүрэн эрх хөндөгдөнө

2 сарийн өмнө 132
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Агуулгын товчлол: 2020-2024 оны парламент хэдийнэ дөрвөн гишүүнээ "алдсан". Харин сүүлийн үед шүүхийн шатанд өрнөсөн асуудлуудын хүрээнд, дахин таван гишүүний бүрэн эрх хөндөгдөх магадлалтай болоод байна. Авчиг энэ бол парламентын хаалтын, сүүлчийн чуулганы хугацаа билээ.

2020-2024 оны парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах ойртлоо. Өнөөдөр хаврын чуулган нээнэ. Уг хаврын чуулган нь тус парламентын хуралдах, хууль батлах сүүлийн цаг хугацаа.

Анх 76 гишүүнтэйгээр байгуулагдсан эл парламентаас өдгөө Х.Нямбаатар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болсноор тойргийн сонгогчдоо төлөөлөхөө больж, УИХ-ын гишүүний суудлаа өгсөн.

Мөн "Нүүрсний хулгай"-н гэх хэргийн хүрээнд,

  • Ж.Мөнхбат
  • Д.Бат-Эрдэнэ
  • Т.Аюурсайхан нарын гурван гишүүний бүрэн эрх түдгэлзэж, шалгагдаж байгаа.

Өөрөөр хэлбэл 76 биш 74 гишүүнтэй парламент болж хувирсан.

Гэхдээ нэг л чуулганы хугацаа үлдсэн ч энэ парламент дахин гишүүнээр цөөрөх бололцоотой нөхцөл байдал үүсээд буй. Үүнд даруй таван УИХ-ын гишүүн нэрлэгдэх юм.

Б.Энх-Амгалан: З.Энхболдоос хахууль авсан гэх хэрэг

ЗТХ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд хоёр өдрийн өмнө шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах, 40 сая төгрөгөөр торгох ял оноосон. Хэрэв тэр давж заалдахгүй бол энэ дагуу УИХ-ын гишүүний алба хаших боломжгүй, үүнээс гадна 2024 оны сонгуульд ч нэр дэвших бололцоогүй юм.

З.Энхболдтой холбоотой гэгддэг “Страто” ХХК-ийн хамаарал бүхий аж ахуй нэгж “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр рүү нүүрс тээвэрлэдэг.

Ингэхдээ говийн гурван аймгийн газар нутгийг экологийн доройтолд оруулсан хэрэгт шалгагдаж буй бөгөөд З.Энхболд төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд байсан Б.Энх-Амгаланд нөлөөлж, хамаарал бүхий компанидаа давуу байдал олгосон хэмээн буруутгагдсан.

Ё.Баатарбилэг: Хөгжлийн банк, зургаан жилийн ял

Ё.Баатарбилэг ноднин, Үндэсний их баяр наадмын өмнөхөн шүүхээс хорих ял сонссон.

Хаврын чуулган хааж ч таарсан болохоор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал хөндөгдөлгүй зуныг давж, энэ хооронд тэр давж заалдсан юм. Давж заалдах шатны шүүхэд хандсан тул анхан шатны шүүхийн шийдвэр түр хүчингүй болж буй.

Ё.Баатарбилэгийн хувьд жолоочоороо дамжуулан хахууль авсан. Түүнийг нь гэрчийн мэдүүлэг болон гүйцэтгэх ажиллагааны баримтаар нотлон шүүх зургаан жилийн хорих ял өгсөн байдаг.

Харин одоо түүний давж заалдсан шүүх хуралдаан ид үргэлжилж байна. Хэрэв шүүх түүнийг эргээд гэм буруугүй гэж тооцохгүй л юм бол Ё.Баатарбилэгийн ч мөн УИХ-ын гишүүний бүрэн эрх түдгэлзэх нөхцөл үүснэ.

Х.Ганхуяг, Г.Амартүвшин: Хөгжлийн банк, анхан шатанд хэрэгсэхгүй болсон ч прокурор эсэргүүцэл бичсэн

Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал удаан хугацаанд үргэлжилж, УИХ-ын гишүүдээс ганц Ё.Баатарбилэг л ял аваад өнгөрсөн байдаг.

Харин Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарыг шүүх гэм буруутайд тооцоогүй. Гэтэл прокурор эсэргүүцэл бичсэнээр, тэдний хэргийг дахин шүүхээр хэлэлцэж байна.

Үүгээр бол Х.Ганхуяг, Г.Амартүвшин нар дахин ялгүй үлдэх бололцоо бага гэж харагдаж байгаа. Г.Амартүвшин Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд болсон асуудал хэвлэлээр ч цөөнгүй удаа бичигдсэн байдаг.

Хэрэв шүүхээс энэ удаа ял оноовол Х.Ганхуяг, Г.Амартүвшин нар хаврын чуулганыг дуустал суух эсэх нь эргэлзээтэй болж хувирна.

Г.Амартүвшингийн хувьд: Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн найз Х.Ганхуягийн ээж П.Бямбасүрэнгийн үүсгэн байгуулсан “Вертекс Майнинг Партнер” ХХК-д “12.92 хувийн хүүтэй, 54 сарын хугацаатай” зээл олгосон.

Нам нь түүнд нэр дэвших мандат өгөхгүй. Нийтийн албанд ажиллахааргүй, хувиа хичээсэн дүр байсан учир намын дарга нь түүнийг "жийсэн". Мандат өгөхгүй байх ажлыг МАН-ын генсек гардан гүйцэтгэсэн. Г.Амартүвшингийн суларсан тойрог болох Хан-Уулд хэн орж ирэх вэ гэдэг нь дараагийн асуудал юм.

Х.Ганхуягийн хувьд, төрсөн эх П.Бямбасүрэнгийн үүсгэн байгуулсан хамаарал бүхий “Вертекс майнинг партнерс” ХХК Энержи Ресурс компанийн Ухаа худаг уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх зорилгоор ХБ-наас зээл авсан. Ингэхдээ Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшин, Б.Будхүү, Т.Пүрэвсүрэн, О.Батбаатар нартай үгсэн тохиролцсон.

Харин тэдний хамт үргэлж нэр нь дурдагдаж ирсэн, хамтран зээл авсан гэх Г.Дамдинням гишүүний нэр сугарч үлдээд байгаа билээ.

МАН-ын эрх баригчдын хувьд Г.Амартүвшинд бол мандат олгохгүй. Харин Г.Дамдинням, Х.Ганхуяг нарыг нэр дэвшүүлэх тохироотой байгаа гэгдсэн. Энэ утгаар, өдгөө үргэлжилж буй шүүхээр Х.Ганхуяг сугарч, Г.Амартүвшин ганцаар ял авах магадлал ч үүсэж байгаа юм.

Н.Алтанхуяг: Хөгжлийн банк, Хөгжлийн банк, анхан шатанд хэрэгсэхгүй болсон ч прокурор эсэргүүцэл бичсэн

Н.Алтанхуягийн нөхцөл байдал Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарынхтай ижил. Түүнийг Хөгжлийн банкны хэрэгт буруутган, яллагдагчаар татаад байсан ч мөн анхан шатны шүүхээр хэрэгсэхгүй болгосон.

Гэвч прокурорын эсэргүүцлийн дагуу дахин шүүж байна. Мэдээж, дахин дурдахад тэр ял авбал УИХ-ын гишүүний бүрэн эрхийн статус нь ганхах ёстой.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд “Говийн зам” компанийн барьсан авто замыг “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэж, векселийн хугацаа дуусах үед төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байснаас 1.9 тэрбум төгрөгийн алданги хүлээхэд нөлөөлсөн гэж үзэн, яллагдагчаар татаад байсан юм.


Сонирхолтой нь, эрх баригчид ганцхан өнөөдөр нээлтээ хийх ганц хаврын чуулган үлдсэн хугацаанд дээр дурдсан таван эрхмийн бүрэн эрхийн асуудлыг хөндөх эсэх эргэлзээ дагуулдаг.

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал хуулийн байгууллагын саналаар хэлэлцэгдэх ёстой. Саналыг УИХ-ын гишүүд олонхоор хэлэлцэж, санал хураана. Өмнөх бүрэн эрх нь түдгэлзсэн гишүүдийн асуудал улс төрийн халуун нөхцөл байдал, шахаас хайчин дунд өрнөсөн. МАН-д ч тодорхой эрх ашиг, зурсан төлөвлөгөө байсан нь нөлөөлсөн.

Харин одоо шүүхийн шийдвэр гарсны дараа тэдний бүрэн эрхийн асуулыг сөхөх эсэх бол МАН-ын хувьд шууд утгаараа 2024 оны сонгуульд мандат олгох, олгохгүйн тухай яриа болно. Түүнчлэн хаалтын чуулганы үеэр дахин 4-5 гишүүнийг эгүүлэн татах нь энэ парламентын түүхэнд үлдэх нэр хүндийн асуудлыг ч сөхнө.